Монгол Улс 2030 он гэхэд суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг салбарын яамнаас тавьжээ. Одоогоор сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станц Салхитын салхин парк, Дөргөний усан цахилгаан станц гэх мэтчилэн хуруу дарам цөөн боловч энэ зорилт нь 2030 он гэхэд биеллээ бүрэн олно гэж тооцоолжээ. Тухайлбал, ойрын хоёр жилд л гэхэд 100 МВт-ын салхины эх үүсвэр, 50 МВТ орчим нарны эх үүсвэрийг оруулахаар төлөвлөсөн байна.
Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимиддоржийн хэлж буйгаар сэргээгдэх эрчим хүчний олон төслийг энэ онд эхлүүлэх юм байна. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулбал 30 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтод хүрэх бүрэн боломжтой гэж тооцоолжээ. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын салхин паркийн ажил эхэлж байгаа аж. Үүнээс гадна энэ сарын 19-нд Дархан-Уул аймгийн нутагт 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулсан нь томоохон ажлын эхлэл болжээ.
Монгол Улс анх удаа нарны эрчим хүчээ ашиглаж цахилгаан үйлдвэрлэх түүхэн ажлын эхлэлийг Дархан-Уул аймагт тавиад байна. Станцыг Монголын "Солар Повер интернэшнл”, Япон улсын "Шарп” корпораци, "Шигэмицү Шожи” компани хамтран 17.5 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулж 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ажиллуулжээ. Харин энэ сарын 19-нд албан ёсны нээлт хийсэн юм.10 МВт-ын хүчин чадалтай уг станц нь жилдээ 15.2 сая киловат эрчим хүч үйлдвэрлэнэ. Борлуулалтын орлого нь жилд 2.6 сая ам.доллар байх юм. Харин ашиглалт үйлчилгээнд жилдээ 300 мянган ам.долларын зардал гаргах юм байна. Ийнхүү цахилгаан станц ажилласаар 12 жилийн дараа зардлаа бүрэн нөхөж дуусах юм байна.
Нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 918 мянган киловат цахилгаан үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргээд байгаа аж. Станцыг байгуулснаар, Дархан-Уул аймгийн 20 мянга гаруй өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэж байна. "Солар Повер интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр "Дархан 100 мянган хүнтэй хот. Дархан хотын эрчим хүчний хэрэглээ 12 мв.т-д хүрсэн. Тэгэхээр Дархан-Уул аймгийн цахилгааны хэрэглээг хангах бүрэн боломжтой. Хэрэглээний хувьд маш оновчтой. Мөн Монголын эрс тэс уур амьсгалд зориулж, ялангуяа Дарханы нутаг өвөлдөө их хүйтэрдэг тул хүйтрэлийг дааж чадах техникүүдийг сонгосон. Дэлхийд сэргээгдэх эрчим хүчинд хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Станц маань нарны хэмжээнээс хамаарч ажиллана. Жилийн өндөр үйлдвэрлэл нь дөрөвдүгээр сард гарна гэсэн үг. Бусад саруудад үүлтэй, салхитай гэх мэтчилэн тэнгэр цэлмэг биш байдаг тул үйлдвэрлэл тэр хэмжээгээр бага байх юм. Ялангуяа өвлийн гурван сард нар урагшилж, гийгүүлэх хугацаа бага тул тэр хэмжээгээр үйлдвэрлэл багасна гэсэн үг. Гол нь нарны цахилгаан станц нь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулна. Нэг жилд 40 мянган тонн нүүрс түлдэг гэж тооцвол тэр хэмжээний хүлэмжийн хийн ялгаралтаас сэргийлж буй хэрэг” гэлээ.
"Сэргээгдэх эрчим хүчээ экспортлох эхлэл тавилаа”
Монгол Улс 2007 онд "Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-тай болсон. Тэгвэл үүнээс яг 10 жилийн дараа анхны нарны станц байгуулж буй нь энэ аж. Учир нь бүхэл бүтэн 12 жилийн дараа ашгаа нөхөх энэ төсөлд гадны хөрөнгө оруулагчид орж ирдэггүй байжээ. Харин сүүлд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифтай болсноор эхний станцын төсөл хэрэгжиж буй нь хэмээн салбарынхан тайлбарлав.
Ийнхүү эхлэл тавигдсан нь Монгол Улс цаашид нүүрсээ бус цахилгаанаа гадагш худалдаж мөнгө олох боломж бүрдэж буйг салбарынхан онцоллоо. Энэ талаар Б.Мандалбаяр "Монгол Улс нүүрсээрээ хөрөнгө оруулах биш нутагтаа нар салхины станцаа барьж БНХАУ руу экспортод гаргах хэрэгтэй. Учир нь БНХАУ л гэхэд жилд нэг гегаватт цахилгаан импортлодог. Тайвань гэхэд 2020 он гэхэд 20 гегаватыг зөвхөн нарны эрчим хүчээр гаргана гэж тооцсон. Энэ нь Монгол Улсын экспортод гаргах бараа бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан байх ёстойг харуулж буй. Үүний эхлэл рүү явж байгаа гэж ойлгож байна” хэмээн онцоллоо.